Мэдээ

Улс төрийн намууд МАН-аас Үндсэн хуулийг өөрчлөхийг шаардлаа

Админ
2022/08/30

“Өөрсдөө өөрчил, үгүй бол тар”  уриатай тайван жагсаал тавдугаар сарын эхээр Сүхбаатарын талбайд болж, Үндсэн хуульд нэмэлт оруулах замаар тогтолцооны өөрчлөлт хийхийг дэмжсэн 100 мянга гаруй иргэний гарын үсэг бүхий шаардлагыг УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржханд УИХ-ын дарга Г.Занданшатарт хүлээлгэж өгсөн юм.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн улс төрийн намын удирдлагуудын уулзалт,  хэлэлцүүлгээс дараах сурвалжилгыг хүргэж байна.
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагыг ҮАБЗ-д хүргүүлсэн.
 
УИХ-ын  гишүүн С.Одонтуяа:

Энэ сарын 16-ны өдөр улс төрийн 20 гаруй намын төлөөлөл оролцон хэлэлцүүлэг хийсэн. Хэлэлцүүлгээс гурван чиглэлээр шаардлага гаргаж, ҮАБЗ-ийн гишүүдэд хүргүүллээ.  Хэлэлцүүлгээс хөгжлийн бодлого, зорилгод нийцсэн Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхийн зэрэгцээ Сонгуулийн тухай хууль, УИХ-ын тухай хууль, Улс төрийн намын тухай хууль, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль болон бусад холбогдох хуулийн хэлэлцүүлэг, өөрчлөлтийг цогцоор нь хийх шаардлагатай гэж үзсэн. Мөн УИХ-ын өнгөрсөн найман удаагийн сонгуулийн долоод нь хэрэглэж, өнөөгийн нөхцөлд хүргэсэн мажоритар буюу олонхыг төлөөлөх сонгуулийн тогтолцоог нэн тэргүүнд өөрчилж, парламентын ардчилалтай, хөгжингүй орнуудын нийтлэг жишгээр хувь тэнцүүлэх сонгуулийн тогтолцоог бий болгох зэргийг шаардлагад тусгасан.Иргэд тогтолцоо өөрчлөхийг дэмжиж байна.
 
УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржханд:

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудалд 24 намын дарга нар гарын үсэг зурж, дэмжсэн. Т.Доржханд гэдэг хүн дангаараа асуудал үүсгээгүй. Бид ярьж байгаад шийдсэн. Ажил явагдахгүй байна. Иргэд ямар нэг өөрчлөлт хийх хэрэгтэй байна, тогтолцоогоо өөрчлөх шаардлагатай гэж дэмжиж байгаа. МАН-ыг Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг шаардаж байна. АНУ Үндсэн хуулиа 60 удаа өөрчилсөн. Дэлхий өөрчлөгдөж байна. Үндсэн хуулийг өдөр болгон өөрчилсөн ч яадаг юм.
 
БНН-ын дарга Б.Жаргалсайхан:

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга реформ хийхийг дэмжиж байна. Тоталитар тогтолцоотой орнууд бүгд уналаа. Улс төр бол хогийн сав биш. Улс төр гэдэг бол боловсролтой, хариуцлагатай, ёс зүйтэй хүний хийдэг ажил. Үг хэлж, улс төр ярьж болно. Үндсэн хуулийг өдөр болгон өөрчилсөн ч яадаг юм. Яагаад болохгүй гэж. Хүн ам цөөнтэй жижиг улс тактикаа маш сайн өөрчилж байж хөгжилтэй орнуудтай зэрэгцэнэ. Реформ хий, эсвэл Г.Занданшатар ажлаа өг. Цаг үеэ боломж гэж хараад өөрчил.


 Монголын үндэсний ардчилсан намын дарга Б.Цогтгэрэл:

Энэ цаг үеэ боломж гэж хараад Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой. МАН цаг хугацаа алдахгүйгээр наадмаас өмнө Үндсэн хуульд өөрчлөлт хий. Олон улсын парламентын судалгаа бидэнд бий. 
Хоёр танхимтай парламенттай болохыг дэмжиж байна
 
Иргэний зориг ногоон намын дарга Ц.Ганхуяг:

Өөрчлөлт гэдгийг хүмүүс янз бүрээр ойлгож байна. Төр шиг төртэй болъё, хямралыг зогсоох нэгдсэн байр суурьт хүрье гэвэл  Үндсэн хуулийг шинэчилж, зоригтой хөдлөх хэрэгтэй. Хоёр танхимтай парламенттай болохыг дэмжиж байна. Улс төрд сайн зүйлийг зоригтой хий.
 
Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар:

Тогтолцооны өөрчлөлтийг МАН манлайлаад, урагшаа явах хэрэгтэй. Үндсэн хуулийг өөрчилснөөр ирээдүйн хөгжлийг авчирна. Нийгмийн, улс төрийн хүрээнд сайн менежер, бусад намуудын мөрөөдлийн генсек бол МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан болоод байгаа. Улс төрд сайн зүйлийг зоригтой хий. Ардын намд бүх эрх мэдэл нь байна. Болж өнгөрсөн хэлэлцүүлэгт Монголын улс төрийн 26 намын дарга, төлөөлөл хүрэлцэн ирж, давхардсан тоогоор 21 хүн үг хэлж, санал бодлоо илэрхийллээ. Улс төрийн намуудын төлөөлөл Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжээд байна. Тиймээс УИХ дээр Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбатаар ахлуулсан Ажлын хэсэг байгуулагдаж, цуврал хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн зохион байгуулахаар болжээ.



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.